Нөхөр

Carnet de Santé болон DCEM (Document de Circulation pour Étranger Mineur )

Өмнөх бичлэгэн дээр, хүүхдээ өөрийнхөө даатгалд нэмэхийн тулд carnet de santé хэрэг болсон гэж бичсэн билээ. Тэгвэл энэ удаад хэрхэн авах талаар бичье.

Carnet de Santé
Энэ нь хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр бөгөөд, бүхий л өвчний түүх болон вакциний мэдээлэл энэ дэвтэрт бүртгэгдэх болно. Энэхүү дэвтрийг ойролцоох PMI(Protection Maternelle et Infantile) гэдэг газраас очиж авна. Манайхаар бол өрхийн эмнэлэгэрхүү юмуу даа. Үзүүлэхэд үнэгүй ч, маш их очертой байдаг тул эртхэн цагаа авах хэрэгтэй.
Манай хүүхдийн хувьд Японд хийлгэж байсан вакциний мэдээллээ Франц хэл дээр орчуулж өгөх шаардлага гарсан бөгөөд, тэгэхийн тулд Япон улсын ЭСЯ дээр 母子手帳(carnet de santé-ын Япон хувилбар)-оо үнэгүй орчуулуулаад аваачиж өгсөн болно. Японы ЭСЯ нь эхэндээ гадаад иргэний бичиг баримт орчуулж өгөхгүй гэж байсан ч (seriously? I paid all my taxes when I was in Japan, though гэж хэлмээр л байсан), сайн гуйсны эцэст энэ удаад зөвшөөрөхөөр болов.

PMI-ийн эмчдээ үзүүлээд, вакцины бичигээ өгснөөр carnet de santé-ээ авах болно.

DCEM (Document de Circulation pour Étranger Mineur)
Бага насны хүүхэд нь Францад оршин суухын тулд ямар нэгэн зөвшөөрөл хэрэггүй бөгөөд, харин Францаас түр хугацаагаар гараад, буцаж Франц руу орж ирэхэд энэхүү бичиг нь хэрэг болох юм.

ref: https://www.service-public.fr/particuliers/vosdroits/F2718

Манай хүүхдийн хувьд энэхүү бичгийг Парисийн préfecture de police дээр дараах бичгүүдийн бүрдүүлж өгөөд авсан болно.

  • DCEM хүсэх өргөдөл (préfecture de police дээрээс авна)
  • миний оршин суугчийн үнэмлэхийн (carte de séjour) хуулбар
  • миний гадаад пасспортын хуулбар
  • эхнэрийн оршин суугчийн үнэмлэхийн (carte de séjour) хуулбар
  • эхнэрийн гадаад пасспортын хуулбар
  • хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон баталгаат орчуулга
  • хүүхдийн цээж зураг 2 хувь
  • carnet de santé
  • 45 еврогийн timbre fiscal(Монгол хэл дээр тайлбарлах гээд чадсангүй, 45 евро төлсөн баримт маягийн зүйл. Эндээс online-аар худалдан авах боложтой.)

Яагаад гэдгийг сайн ойлгоогүй ч, аав ээж 2 нь 2-уулаа байх ёстой тул, нэг нь бичгээ өгөхдөө ирээд, нөгөөх нь бичгээ авахдаа ирээрэй гэж байсан. Бид 2-ын хувьд, би бичигнүүдээ аваачиж өгөөд, манай эхнэр DCEM-ээ очиж авсан болно. 45 еврогийн timbre fiscal-ийг бичгээ өгөхдөө эсвэл, DCEM-ээ авахдаа аваачиж өгсөн эсэхээ сайн санахгүй байгаа тул, юу ч гэсэн түрүүлээд авчихаарай, угаасаа хэрэглэхгүй бол буцааж болох байх.

Өөрийнхөө Carte Vitale-руу гэр бүлээ нэмэх

Түрүүчинй долоо хоногт нэг танилтайгаа уулзаж суутал, эхнэр хүүхдэдээ заавал тусд нь Carte Vitale авах шаардлагагүйгээр, өөрийнхөө Carte Vitale доор бүртгүүлээд, эмнэлгийн үйлчилгээ авахдаа аль аль нь зөвхөн миний картыг барьж очоод үзүүлж болох зүйл ярьсан. Энэ талаар судалж үзсэнээ бичье.

Нэлээн google-дсэний эцэст хүүхдээ бүртгүүлэх форм оллоо. Доорх линк рүү ороод “Télécharger le formulaire” гэдэг дээр дарж татаж аваарай.

Demande de rattachement des enfants à l’un ou aux deux parents – Assurances maladie et maternité

Татаж авсан формоо бөглөөд шаардлагатай бичиг баримтын хамт ойролцоох CPAM(Caisse Primaire d’Assurance Maladie) гэдэг байгууллага дээр аваачиж өгснөөр, хүүхдийн чинь нэр өөрийн чинь Carte Vitale дээр нэмэгдэж, өөрийн чинь картаар эмнэлэгт даатгалтайгаар үзүүлэх боломжтой болох юм.

Шаардлагатай бичиг баримтууд
¶ Хэрвээ хүүхэд чинь sécurité sociale дугаартай бол

  • Төрсөн гэрчилгээний хуулбар, баталгаат орчуулгын хамт

¶ Хэрвээ хүүхэд чинь sécurité sociale дугааргүй бол

  • Төрсөн гэрчилгээний хуулбар, баталгаат орчуулгын хамт
  • Пасспортын хуулбар эсвэл OFII(l’Office Français de l’Immigration et de l’Intégration) гэдэг байгууллагаас авсан эрүүл мэндийн үзлэгийн баталгаа
  • Carnet de Santé буюу хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар (хэрэгтэй бичиг баримтын жагсаалтанд байхгүй байсан боловч нэмж авчрахыг шаардсан тул оруулав)

Буруу ойлгосон байж магадгүй тул юу ч гэсэн Францаар бичсэн шаардагдах бичиг баримтыг мөн доор оруулъя.

Pour les enfants nés en France ou à l’étranger mais dont vous connaissez le numéro de sécurité sociale, merci de joindre à votre demande l’une des pièces suivantes:
– une copie du livret de famille à jour ou de l’extrait d’acte de naissance de l’enfant ou, le cas échéant, une copie du document attestant que vous êtes tuteur de l’enfant ou que vous l’avez recueilli

Pour les enfants nés à l’étranger ou en Nouvelle-Calédonie, Polynésie Française ou à Wallis et Futuna et qui n’ont pas leur numéro de sécurité sociale, deux pièces sont nécessaires en vue de leur immatriculation:
– un document d’état civil : copie intégrale de leur acte de naissance ou un extrait d’acte de naissance avec filiation ou une pièce
équivalente établie par un consulat, authentifiée par un cachet lisible
– une pièce d’identité de l’enfant (carte d’identité ou passeport) ou le certificat de contrôle médical de l’enfant délivré par l’Office français de l’immigration et de l’intégration (OFII) dans le cadre du regroupement familial

Харин эхнэрийн хувьд, 2016 оны 1 сарын 1-ээс Puma(protection universelle maladie) гэдэг зүйл нэвтрүүлсэнээс хойш, өөрийнх дээрээ бүртгүүлэх боломжгүй болсон бололтой. Puma-г нэвтрүүлсэнээр насанд хүрсэн хүн болгон тусдаа өөрийн Carte Vitale-тай болох ёстой болсон юм шиг байна. Дараах линкээс олж дэлгэрэнгүй уншаарай.

Нэмэлт (08/06/2018):
Уг нь өөрийнхөө харьялагдах CPAM-руугаа шуудандаж болох боловч, цаг алдаж магадгүй гэж бодон, 2 хоногийн өмнө Парис дахь CPAM-руу өөрийн биеэр хэрэгтэй бичиг баримтуудаа аваад очив. Гэтэл хэрэгтэй бичиг баримтан дээрээ carnet de santé-ын хуулбар гэж бичээгүй байсан боловч, манай хүүхэд Парист байгаа гэдгийг батлахын тулд заавал тэр дэвтрийн хуулбарыг бас өгөх ёстой гэж байна. Мөн пасспортынх нь зургийг аваад өнгөтөөр хэвлэсэн боловч, заавал хар цагаанаар хувилагч машинаар(канон) хувилах ёстой гэж байна. 2 хоногийн дараа буюу өнөөдөр дараах бичиг баримтуудыг авч очоод амжилттай өгөөд ирлээ.

  • хүүхдээ өөрийнхөө даатгалд оруулах хүсэлт(дээд хэсэгт татах линкийг оруулсан байгаа)
  • гадаад пасспортынх нь эх хувь болон хар цагаан хуулбар
  • төрсний гэрчилгээний хар цагаан хуулбар болон баталгаат орчуулга
  • carnet de santé буюу хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн эх хувь болон хар цагаан хуулбар

Одоо ameli.fr-ын маань хаяг руу хүүхдийн маань мэдээлэл бүртгэгдэхийг хүлээх л үлдлээ.

Carte Vitale буюу эрүүл мэндийн даатгалтай болсон нь

Францад ирээд яг 6 сарын дараа carte vitale буюу эрүүл мэндийн даатгалын картаа авлаа. Францад эрүүл мэндийн даатгал нь улсынх байдаг бөгөөд, нийгмийн даатгалын(sécurité sociale) нэг хэсэг юм. Мөн хувийн эрүүл мэндийн даатгалын компаниуд(mutuelle) байх бөгөөд, тэд нар нь улсын даатгалаас төлөгдсөний дараах үлдсэн хэсгийн тодорхой хэсгийг төлөх зарчмаар ажиллана.

Carte vitale-ын харагдах байдал:

Sécurité sociale
Carte vitale нь нийгмийн даатгалын нэг хэсэг тул, эхлээд sécurité sociale numéro буюу нийгмийн даатгалын дугаар авах хэрэгтэй. Миний хувьд компаниараа дамжуулж хүсэмжилсэн тул, яг ямар процесс болж өнгөрсөнийг мэдэж чадаагүй ч, урт хугацааны оршин суух визтэй бол хэн ч байсан хүсэмжлэх боломжтой.
Нийгмийн даатгалын дугаар нь 13 оронтой бөгөөд дараах хэлбэртэй байна

S YY MM DD CCC NNN

  • S-нь хүйс, 1 бол эрэгтэй, 2 бол эмэгтэй
  • YY-нь төрсөн оны сүүлийн 2 орон
  • MM-нь төрсөн сар
  • DD-нь төрсөн мужийн дугаар бөгөөд, Францаас бусад улсад төрсөн иргэдийн хувьд бүгд 99 байна
  • CCC-нь төрсөн улсын дугаар бөгөөд, Монголд төрсөн бол 242 байна
  • NNN нь ялгац дугаар бөгөөд, нэг мужид, эсвэл нэг улсад төрсөн адилхан он сартай хүмүүсийг ялгах дугаар болно

Жишээ нь 1987 оны 3 сард, Монголд төрсөн эрэгтэй хүний дугаар 1-87-03-99-242-003 байх юм.

Францад ирээд 3 хоногийн дараа ажилдаа орсон бөгөөд, хүний нөөцийн ажилтан маань тэр даруйд нь миний дугаарыг хүсэмжилсэн юм. Тэрнээс 5 сарын дараа, нийгмийн даатгалаас түр хэрэглэх дугаар өгсөн бөгөөд, тэр нь 1-ээр биш 7-оор эхэлж байв. Түр хэрэглэх дугаарын хувьд, эрэгтэй бол 7, эмэгтэй бол 8-аар эхлэнэ.
Түр дугаараа авсанаас 7 хоногийн дараа эрүүл мэндийн даатгалаас цээж зургаа явуулна уу гэсэн захиа хүлээж авсан бөгөөд, зургаа явуулсанаас яг 3 долоо хоногийн дараа эрүүл мэндийн даатгалын карт минь ирлээ.

Харин эхнэр болон хүүхдийн хувьд хүний нөөцийн ажилтан мартсан байсан тул, дөнгөж сарын өмнө хүсэлт гаргасан тул, эрүүл мэндийн даатгалгүй дахиад хэдэн сар явах бололтой.

Mutuelle
Энэхүү хувийн даатгалд сайн дураараа эсвэл компаниараа дамжуулж орж болно. Японд бол үндсэн даатгал нь ямар ч эмнэлэгт, ямар ч үйлчилгээ авсан 70%-ийг нь төлдөг юм. Харин Францад шүд болон нүдээ үзүүлэхэд үндсэн даатгалаас харьцангуй бага мөнгө орж ирдэг тул, иймэрхүү үйлчилгээ нэлээн эрэлттэй байдаг бололтой. Мэдээж ямар үнэтэй, ямар төрлийн даатгалд хамрагдсанаас хамааран буцаж ирэх мөнгөний хэмжээ өөр өөр боловч, авсан үйлчилгээнийхээ тодорхой хэсгийг төлүүлэх боломжтой.

La feuille de soins
Францад эрүүл мэндийн даатгалтай болтол их хугацаа зарцуулдгийг анзаарсан байх. Би 6 сар болж байсан авсан бөгөөд, нэг танил маань бүүр 2 жил хүлээж авч байсан тухайгаа ярьсан юм. Яг ямар шалтгаанаар уддаг эсэхийг мэдэхгүй ч, тэр хооронд хэрвээ эмнэлгийн үйлчилгээ авах бол, эмчээсээ заавал feuille de soins гэсэн ягаан өнгийг бичгийг бичүүлж аваарай. Авахдаа, төлсөн мөнгийг чинь зөв бичсэн эсэхийг сайтар шалгаарай. Энэ бичигтэй бол, нийгмийн даатгалын дугаараа авсны дараа, 2 жилийн дотор төлсөн мөнгөө(мэдээж бүгдийг биш, даатгалд хамрагдах хэсгийг) нийгмийн даатгалаас эргүүлэн авах боломжтой юм.

La feuille de soins-ын харагдах байдал:

дэлгэрэнгүй: https://www.ameli.fr/hauts-de-seine/assure/remboursements/etre-bien-rembourse/feuille-soins

Ажилт хаялт

Ирээд удаагүй байхад эндхийн нэг танил маань, хэрвээ нүүхээр бол Парисаас гараад хэрэггүй, зун болохоор төмөр замууд нь засвар ихтэй, дээрээс нь ажил хаялт болоод, ажил руугаа ирэхэд төвөгтэй болно гэж зөвлөж байсан юм. Парист ирээд 4 сарын дараа, компаниас гаргаж өгсөн байрнаас нүүх болсон тул, Парис хүртэл train-ээр 7-10 минутын зайтай Парисын дагуул хот руу нүүхээр шийдлээ. Парис дотор байр хайж үзсэн боловч, яг сэтгэлд нийцэх байр нь 1600 еврогоос буухгүй байсан тул ингэж шийдсэн юм.

Нүүгээд удаагүй байтал нөгөө алдарт ажил хаялт нь эхлэв. Сайн учрыг нь ойлгоогүй ч, SNCF(Société Nationale des Chemins de fer Français) буюу Францын улсын төмөр замын компанийг хувьчлахтай холбоотойгоор, тэндхийн үйлдвэрчний эвлэл нь ажил хаялт зарласан бололтой.

Мөн RER гээд бас өөр төмөр замын компаний зарим хэсгийг SNCF эзэмшдэг тул, RER бас ажил хаяж байгаа юм байна. SNCF, RER 2 нь, suburb руу явах хамгийн чухал шугамуудыг хариуцаж байгаа 2 компани тул, suburb-уудад амьдардаг над мэтийн хүмүүст нэлээн ядаргаатай өдрүүд үргэлжлэх юм шиг байна.

Мэдээж аргаа бараад л ажлаа хаяж байгаа байлгүй, би энд ажлаа хаялаа гээд шүүмжлээд яахав. Энд тэгэхдээ нэг авууштай талууд байна.

Ажил хаялт эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнө, SNCF-ын үйлдвэрчний эвлэл нь доорх хуваариар(улаанаар тэмдэглэсэн өдөр нь ажил хаяна) ажил хаяхаа мэдэгдэж.

эх сурвалж: https://faq.trainline.eu/article/674-sncf-french-rail-strikes-2018

Тийм болохоор, ямар өдөр яаж ажил дээрээ ирэхээ бага ч гэсэн зохицуулж болж байгаа юм. Мөн компаниуд нь нөхцөл байдлыг ойлгоод, гэрээсээ ажиллах эсвэл үдээс өмнө гэрээсээ ажиллаад, үдээс хойш ажил дээрээ ирэх гэх мэт асуудлууд дээр уян хатан байдаг юм байна(зөвхөн өөрийнхөө компанийг хараад төрсөн сэтгэгдэл).

Мөн ажил хаяна гэдэг нь, тэр өдрүүдэд нь train тэр чигээрээ зогсоно гэсэн үг биш юм. Миний ашигладаг шугамын хувьд, явдаг train-ынх нь тоо нь 2 дахин багасаж байгаа тул, цагаа сайн тооцож чадвал сүртэй асуудал бас гараад байхгүй.

Манай багийн 8 хүний хувьд, ажил хаялттай өдөр 4 нь бүтэн өдөр гэрээсээ ажиллаад, харин би үдээс өмнө гэрээсээ ажиллаад, үлдсэн хэд маань хэвийн хуваариар ажиллаж байна.

* train – 電車 – цахилгаан (галт) тэрэг
* ингэж удаан хугацаагаар ажил хаядаг нь байнга тохиолддог зүйл биш бөгөөд, бараг анх удаа ингэж удаан хаяж юм шиг байна лээ

Токиогоос Парис руу ачаа илгээх

Бидний хувьд нийт 15 орчим хайрцаг болон чемодан илгээсэн. Нэн түрүүнд хэрэг болох зүйлүүдээ нэг хайрцганд хийгээд онгоцоор, бусдийг нь хамгийн хямдаар буюу усан онгоцоор илгээсэн юм. Онгоцоор илгээсэн нь 7 хүрэхгүй хоногийн дараа, усан онгоцоор илгээсэн ойролцоогоор 90 хоногийн дараа, 2-3 хэсэг болон ирсэн юм.

Үнийн хувьд

  • Онгоцоор явуулсан ачаа: 15 кг нэг хайрцаг 16,050 иен
  • Усан онгоцоор явуулсан ачаанууд: 10-20 кг-ын хүндтэй 14 хайрцаг болон чемодан 110,650 иен

Илгээхдээ Japan Post(郵便局)-оор илгээсэн ба, өөрсдөө гэрт ирээд авчихдаг тул, нүүлгэлтийн компаниудаас үйлчилгээгээрээ сүртэй ялгаа байхгүй.
Тиймээс, тусгай нүүлгэлтийн компани ашигласанаас илүү, Japan Post-ыг ашигласан нь мөнгөний хувьд ашигтай байх болов уу гэж бодож байна.

Анхаарах ёстой зүйлүүд

  • Илгээхээс нэлээн хэд хоногийн өмнө илгээх хуудсаа ойр байрлах Japan Post-оос авч бөглөх
  • Бүх илгээх хуудсан дээрээ заавал “Personal Effects” гэж бичих, хэрвээ бичихгүй бол Францын хил дээр гацаад, НӨАТ болох 20%-ын татвар нэхэмжлэгдэх магадлалтай
  • Францын хэл дээр бүгдийг нь задалж шалгахгүй ч, хайрцганд нь нүх гаргаад хальт шалгадаг тул, уут болон хайрцгандаа шинээрээ байгаа эд зүйлс байвал гаргах (Personal Effects-ийн тодорхойлолт нь худалдаж аваад 6-аас дээш сар хэрэглэж буй эд барааг хэлнэ)
  • Илгээх хуудсан дээрээ, хайрцган дахь эд зүйлсийн нэр болон үнийн дүнг бичих бөгөөд, хэт бага үнэ бичвэл, алга болсон тохиолдолд даатгалаас бага мөнгө орж ирэх ба, хэт өндөр үнэ бичвэл, татвар ноогдуулах тохиолдолд бичигдсэн үнийн 20%-аар бодох тул, балансыг нь олж зөв зохистой үнэ бичих
  • Японоос нийт 200,000 иен-ээс дээш үнэ бүхий ачаа бараа илгээх бол, Япон хилээс зөвшөөрөл авах ёстой тул, нийт илгээж байгаа ачааныхаа нийт үнийн дүнг 200,000-аас доош байлгахаар илгээх хуудсаа бөглөх, эсвэл илгээхээсээ өмнө тэр зөвшөөрлийг авсан байх
  • 110 вольтоор ажилладаг цахилгаан бараанууд Францад ажиллахгүй тул, 220 вольтийг 110 вольт-руу хөрвүүлдэг бууруулагч авах, эсвэл Япондоо орхиж ирэх

Яагаад нүүхээр болов?

Блогийнхоо эхнийхээ бичлэгээр, эхлээд яагаад нүүхээр болсон, яаж нүүсэн талаар бага сага хуваалцая гэж бодлоо.

Хамгийн гол шалтгаан нь, зүгээр л Токио дахь амьдралаас уйдсан. Аль аль нь Японд 10 гаран ажил амьдарч, амьдарч байх хугацааныхаа сүүлийн 5, 6 жилийг ажиллаж өнгөрөөсөн юм.

2017 он гараад хүүхэдтэй боллоо. Хүүхэд бага насандаа эцэг эхтэйгээ цагийг их өнгөрөөх нь хойшдийн өсөлт хөгжилд нь эерэгээр нөлөөлдөг гэсэн зүйлүүд олж уншсан тул, аль аль нь ажлаасаа амралт авч, 2-уулаа хүүхдээ өсгөхөөр боллоо. Хүүхэд өсгөх тал дээр Япон улс нэлээн ээлтэй. Эцгийн хувьд 1 жилийн амралт авч болох бөгөөд, амарч байх хугацаандаа эхний 6 сар нь цалингийн 67%, харин дараагийн 6 сар нь 50%-ийг нийгмийн даатгалаас авах болно. Мөн бүх төрлийн татвараас чөлөөлөгдөх тул, эхний 6 сар бараг жирийн үед авдаг байсан шигээ л авна гэсэн үг юм. Тэгэхдээ цалинг нь 420,000 иенээр хязгаарлах бөгөөд, сард 420,000 иенээс өндөр цалин авдаг бол, цалинг чинь 420,000-аар тооцоод сар бүр 280,000 иен өгнөө гэсэн үг юм. Тэгэхээр 2-уулаа ажилладаг байсан бол дээд тал нь 560,000 иен сар бүр хүүхдээ харж байх хугацаандаа авч болох юм. Ажилладаг байсан үе шигээ тансаглаж чадахгүй ч гэсэн, Токиод амьдрахад хангалттай их мөнгө.

Хэтэрхий нялх байхад нь онгоцонд суулгаж болохгүй тул эхний 2 сарыг Токиод өнгөрөөлөө. 2 сар бараг л унтсангүй. Би хоол хийж сурав. Гэрээ цэвэрлэдэг болов. Ганц нэг удаа хүүхдээ харж эхнэрээ иоганд явуулав.

Японы засгийн газар нь хүүхдэд үнэхээр ээлтэй бодлоготой. Ганц харамсалтай зүйл нь Япон хүмүүс хүүхэдтэй хүнийг ерөөсөө хүндэлдэггүй, ер нь жаахан хүйтэн сэтгэлтэй. Жишээнүүд

  • Манай эхнэр жирэмсэн байхдаа ядраад, нэг рестораны гадаах сандал дээр суугаад 2-3 минут болоогүй байхад, зөвхөн үйлчлүүлэгчид суух ёстой гээд жирэмсэн гэдгийг нь харсаар байж бараг хөөгөөд босгочихсон. Бүх сандал нь хоосон байхад шүү дээ. Хямдхан кофе эд нар аваад сууж болох байсан ч, үйлчлэгчид нь дургүй нь хүрсэн тул зүгээр л босоод явав.
  • Метронд жирэмсэн, эсвэл хүүхэдтэй хүнд суудал тавьж өгөх нь ховор. Янз бүрийн нийтлэл уншаад явж байхад, сүүлийн үеийн залуус нь хэт ичимхий болоод, суудал дээр суух уу гэж асуухаасаа ичээд тийм болсон л гэсэн. Суудал өгөхөд үхсэндээ ичдэг байнаа for fucks sake.
  • Хүүхдээ тэргэн дээр нь суулгаад паранцаглаад явж байхад, замд саад боллоо гээд хэд хэдэн удаа намайг араас түлхсэн, тэрэгний дугуй өшиглөсөн. Ганцаараа явж байсан болохоор яаж ч чадаагүй. Хэрвээ эхнэртэйгээ явж байсан бол, тэргээ эхнэртээ өгч байгаад, өөрөө очоод хэрүүл хийх байсан л даа. Бүүр уур хүрээд тэр өдөртөө бараг нойргүй хоносон байх.

2-хон сар хүүхэдтэй байх хугацаандаа нэлээн их стрессдсэн дээ. Харин эмнэлгийн үйлчилгээ(хүүхдүүд үнэгүй), нийгмийн даатгал, мөн хотын зохион байгуулалт(цахилгаан шат, урсдаг шат) эд нар нь бол үнэхээр бусад улстай харьцуулахааргүй өндөр хөгжсөн улс.

2 сарын дараа Монгол руу явлаа. Монгол ч яахав угаасаа төрж өссөн газар болохоор эхний 3 хоног Япон зан гаргаад сүржигнэдэг ч, 4 дахь хоногоосоо хөрсөндөө буугаад, жижиг сажиг стрессдэх асуудалтай ч, найз нөхөд гэр бүл байгаа болохоор, сэтгэл санаанд сүртэй гэмтэл учирсангүй.

Монголд байх зуур Европоос нэгэн recruiter LinkedIn-ээр холбогдон, Европт ажиллах талаар сонирхохгүй биз гэж асуулаа. Хэн хэн нь Японоос уйдсан, хайшаа ч хамаагүй нүүмээр байсан тул, яагаад болохгүй гэж бодоод санал болгож байсан компаниудыг нь сохирхож үзлээ.

Яг надад тохирох компани нь 3 хотод байсан юм. Берлин, Барселона, Парис. Барселона-ийн хувьд цалин хэтэрхий бага байсан тул сонирхол төрсөнгүй. Харин Берлиний хувьд инженерүүдэд үнэхээр таатай хот санагдаж байсан боловч, яагаад ч юм Герман хүмүүс Япон хүмүүсээс бараг ялгаагүй юм шиг санагдаад, Японоос нүүгээд Европын Япон-руу очих нь зөв ч юм уу буруу ч юмуу гэж нэлээн эргэлзлээ.

Тэгээд Парис нь илүү юм шиг санагдаад, Skype-аар 5, 6 ярилцлага өгсөний эцэст оффер авлаа. Яг оффер авсан хойноо нүүхээс нэлээн эмээж байсан ч, өдийг хүртэл амьдрахдаа нэг ч удаа зоригтой алхам хийж үзээгүй тул, Япон руу буцаж бүх зүйлээ цэгцлээд, Парис рүү 2017 оны 11 сард нүүж ирцгээв.

Тэрнээс хойш олон ч адал явдалтай учирлаа. Хааяа Токиод байсан бол амар байждээ гэж бодогдох үе гардаг ч, эцсийн дүндээ зөв л шийдвэр гаргасан юм шиг санагдаад байгаа. Миний хувьд шинэ компанидаа ахлах инженер болж, Токиод байснаа бодвол career-ын хувьд дэвшилттэй боловч, эхнэрийн хувьд Парист career-ээ дахин 0-оос эхлэх хүндхэн үе ирж байх шиг байна.

Ямар нэгэн шинэ хэрэгтэй зүйл мэдэж авбал, энэхүү вебсайтаараа дамжуулж хуваалцаж байх болноо.