Ирээд удаагүй байхад эндхийн нэг танил маань, хэрвээ нүүхээр бол Парисаас гараад хэрэггүй, зун болохоор төмөр замууд нь засвар ихтэй, дээрээс нь ажил хаялт болоод, ажил руугаа ирэхэд төвөгтэй болно гэж зөвлөж байсан юм. Парист ирээд 4 сарын дараа, компаниас гаргаж өгсөн байрнаас нүүх болсон тул, Парис хүртэл train-ээр 7-10 минутын зайтай Парисын дагуул хот руу нүүхээр шийдлээ. Парис дотор байр хайж үзсэн боловч, яг сэтгэлд нийцэх байр нь 1600 еврогоос буухгүй байсан тул ингэж шийдсэн юм.
Нүүгээд удаагүй байтал нөгөө алдарт ажил хаялт нь эхлэв. Сайн учрыг нь ойлгоогүй ч, SNCF(Société Nationale des Chemins de fer Français) буюу Францын улсын төмөр замын компанийг хувьчлахтай холбоотойгоор, тэндхийн үйлдвэрчний эвлэл нь ажил хаялт зарласан бололтой.
Мөн RER гээд бас өөр төмөр замын компаний зарим хэсгийг SNCF эзэмшдэг тул, RER бас ажил хаяж байгаа юм байна. SNCF, RER 2 нь, suburb руу явах хамгийн чухал шугамуудыг хариуцаж байгаа 2 компани тул, suburb-уудад амьдардаг над мэтийн хүмүүст нэлээн ядаргаатай өдрүүд үргэлжлэх юм шиг байна.
Мэдээж аргаа бараад л ажлаа хаяж байгаа байлгүй, би энд ажлаа хаялаа гээд шүүмжлээд яахав. Энд тэгэхдээ нэг авууштай талууд байна.
Ажил хаялт эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнө, SNCF-ын үйлдвэрчний эвлэл нь доорх хуваариар(улаанаар тэмдэглэсэн өдөр нь ажил хаяна) ажил хаяхаа мэдэгдэж.

эх сурвалж: https://faq.trainline.eu/article/674-sncf-french-rail-strikes-2018
Тийм болохоор, ямар өдөр яаж ажил дээрээ ирэхээ бага ч гэсэн зохицуулж болж байгаа юм. Мөн компаниуд нь нөхцөл байдлыг ойлгоод, гэрээсээ ажиллах эсвэл үдээс өмнө гэрээсээ ажиллаад, үдээс хойш ажил дээрээ ирэх гэх мэт асуудлууд дээр уян хатан байдаг юм байна(зөвхөн өөрийнхөө компанийг хараад төрсөн сэтгэгдэл).
Мөн ажил хаяна гэдэг нь, тэр өдрүүдэд нь train тэр чигээрээ зогсоно гэсэн үг биш юм. Миний ашигладаг шугамын хувьд, явдаг train-ынх нь тоо нь 2 дахин багасаж байгаа тул, цагаа сайн тооцож чадвал сүртэй асуудал бас гараад байхгүй.
Манай багийн 8 хүний хувьд, ажил хаялттай өдөр 4 нь бүтэн өдөр гэрээсээ ажиллаад, харин би үдээс өмнө гэрээсээ ажиллаад, үлдсэн хэд маань хэвийн хуваариар ажиллаж байна.
* train – 電車 – цахилгаан (галт) тэрэг
* ингэж удаан хугацаагаар ажил хаядаг нь байнга тохиолддог зүйл биш бөгөөд, бараг анх удаа ингэж удаан хаяж юм шиг байна лээ