Яагаад нүүхээр болов?

Блогийнхоо эхнийхээ бичлэгээр, эхлээд яагаад нүүхээр болсон, яаж нүүсэн талаар бага сага хуваалцая гэж бодлоо.

Хамгийн гол шалтгаан нь, зүгээр л Токио дахь амьдралаас уйдсан. Аль аль нь Японд 10 гаран ажил амьдарч, амьдарч байх хугацааныхаа сүүлийн 5, 6 жилийг ажиллаж өнгөрөөсөн юм.

2017 он гараад хүүхэдтэй боллоо. Хүүхэд бага насандаа эцэг эхтэйгээ цагийг их өнгөрөөх нь хойшдийн өсөлт хөгжилд нь эерэгээр нөлөөлдөг гэсэн зүйлүүд олж уншсан тул, аль аль нь ажлаасаа амралт авч, 2-уулаа хүүхдээ өсгөхөөр боллоо. Хүүхэд өсгөх тал дээр Япон улс нэлээн ээлтэй. Эцгийн хувьд 1 жилийн амралт авч болох бөгөөд, амарч байх хугацаандаа эхний 6 сар нь цалингийн 67%, харин дараагийн 6 сар нь 50%-ийг нийгмийн даатгалаас авах болно. Мөн бүх төрлийн татвараас чөлөөлөгдөх тул, эхний 6 сар бараг жирийн үед авдаг байсан шигээ л авна гэсэн үг юм. Тэгэхдээ цалинг нь 420,000 иенээр хязгаарлах бөгөөд, сард 420,000 иенээс өндөр цалин авдаг бол, цалинг чинь 420,000-аар тооцоод сар бүр 280,000 иен өгнөө гэсэн үг юм. Тэгэхээр 2-уулаа ажилладаг байсан бол дээд тал нь 560,000 иен сар бүр хүүхдээ харж байх хугацаандаа авч болох юм. Ажилладаг байсан үе шигээ тансаглаж чадахгүй ч гэсэн, Токиод амьдрахад хангалттай их мөнгө.

Хэтэрхий нялх байхад нь онгоцонд суулгаж болохгүй тул эхний 2 сарыг Токиод өнгөрөөлөө. 2 сар бараг л унтсангүй. Би хоол хийж сурав. Гэрээ цэвэрлэдэг болов. Ганц нэг удаа хүүхдээ харж эхнэрээ иоганд явуулав.

Японы засгийн газар нь хүүхдэд үнэхээр ээлтэй бодлоготой. Ганц харамсалтай зүйл нь Япон хүмүүс хүүхэдтэй хүнийг ерөөсөө хүндэлдэггүй, ер нь жаахан хүйтэн сэтгэлтэй. Жишээнүүд

  • Манай эхнэр жирэмсэн байхдаа ядраад, нэг рестораны гадаах сандал дээр суугаад 2-3 минут болоогүй байхад, зөвхөн үйлчлүүлэгчид суух ёстой гээд жирэмсэн гэдгийг нь харсаар байж бараг хөөгөөд босгочихсон. Бүх сандал нь хоосон байхад шүү дээ. Хямдхан кофе эд нар аваад сууж болох байсан ч, үйлчлэгчид нь дургүй нь хүрсэн тул зүгээр л босоод явав.
  • Метронд жирэмсэн, эсвэл хүүхэдтэй хүнд суудал тавьж өгөх нь ховор. Янз бүрийн нийтлэл уншаад явж байхад, сүүлийн үеийн залуус нь хэт ичимхий болоод, суудал дээр суух уу гэж асуухаасаа ичээд тийм болсон л гэсэн. Суудал өгөхөд үхсэндээ ичдэг байнаа for fucks sake.
  • Хүүхдээ тэргэн дээр нь суулгаад паранцаглаад явж байхад, замд саад боллоо гээд хэд хэдэн удаа намайг араас түлхсэн, тэрэгний дугуй өшиглөсөн. Ганцаараа явж байсан болохоор яаж ч чадаагүй. Хэрвээ эхнэртэйгээ явж байсан бол, тэргээ эхнэртээ өгч байгаад, өөрөө очоод хэрүүл хийх байсан л даа. Бүүр уур хүрээд тэр өдөртөө бараг нойргүй хоносон байх.

2-хон сар хүүхэдтэй байх хугацаандаа нэлээн их стрессдсэн дээ. Харин эмнэлгийн үйлчилгээ(хүүхдүүд үнэгүй), нийгмийн даатгал, мөн хотын зохион байгуулалт(цахилгаан шат, урсдаг шат) эд нар нь бол үнэхээр бусад улстай харьцуулахааргүй өндөр хөгжсөн улс.

2 сарын дараа Монгол руу явлаа. Монгол ч яахав угаасаа төрж өссөн газар болохоор эхний 3 хоног Япон зан гаргаад сүржигнэдэг ч, 4 дахь хоногоосоо хөрсөндөө буугаад, жижиг сажиг стрессдэх асуудалтай ч, найз нөхөд гэр бүл байгаа болохоор, сэтгэл санаанд сүртэй гэмтэл учирсангүй.

Монголд байх зуур Европоос нэгэн recruiter LinkedIn-ээр холбогдон, Европт ажиллах талаар сонирхохгүй биз гэж асуулаа. Хэн хэн нь Японоос уйдсан, хайшаа ч хамаагүй нүүмээр байсан тул, яагаад болохгүй гэж бодоод санал болгож байсан компаниудыг нь сохирхож үзлээ.

Яг надад тохирох компани нь 3 хотод байсан юм. Берлин, Барселона, Парис. Барселона-ийн хувьд цалин хэтэрхий бага байсан тул сонирхол төрсөнгүй. Харин Берлиний хувьд инженерүүдэд үнэхээр таатай хот санагдаж байсан боловч, яагаад ч юм Герман хүмүүс Япон хүмүүсээс бараг ялгаагүй юм шиг санагдаад, Японоос нүүгээд Европын Япон-руу очих нь зөв ч юм уу буруу ч юмуу гэж нэлээн эргэлзлээ.

Тэгээд Парис нь илүү юм шиг санагдаад, Skype-аар 5, 6 ярилцлага өгсөний эцэст оффер авлаа. Яг оффер авсан хойноо нүүхээс нэлээн эмээж байсан ч, өдийг хүртэл амьдрахдаа нэг ч удаа зоригтой алхам хийж үзээгүй тул, Япон руу буцаж бүх зүйлээ цэгцлээд, Парис рүү 2017 оны 11 сард нүүж ирцгээв.

Тэрнээс хойш олон ч адал явдалтай учирлаа. Хааяа Токиод байсан бол амар байждээ гэж бодогдох үе гардаг ч, эцсийн дүндээ зөв л шийдвэр гаргасан юм шиг санагдаад байгаа. Миний хувьд шинэ компанидаа ахлах инженер болж, Токиод байснаа бодвол career-ын хувьд дэвшилттэй боловч, эхнэрийн хувьд Парист career-ээ дахин 0-оос эхлэх хүндхэн үе ирж байх шиг байна.

Ямар нэгэн шинэ хэрэгтэй зүйл мэдэж авбал, энэхүү вебсайтаараа дамжуулж хуваалцаж байх болноо.