Carte Vitale буюу эрүүл мэндийн даатгалтай болсон нь

Францад ирээд яг 6 сарын дараа carte vitale буюу эрүүл мэндийн даатгалын картаа авлаа. Францад эрүүл мэндийн даатгал нь улсынх байдаг бөгөөд, нийгмийн даатгалын(sécurité sociale) нэг хэсэг юм. Мөн хувийн эрүүл мэндийн даатгалын компаниуд(mutuelle) байх бөгөөд, тэд нар нь улсын даатгалаас төлөгдсөний дараах үлдсэн хэсгийн тодорхой хэсгийг төлөх зарчмаар ажиллана.

Carte vitale-ын харагдах байдал:

Sécurité sociale
Carte vitale нь нийгмийн даатгалын нэг хэсэг тул, эхлээд sécurité sociale numéro буюу нийгмийн даатгалын дугаар авах хэрэгтэй. Миний хувьд компаниараа дамжуулж хүсэмжилсэн тул, яг ямар процесс болж өнгөрсөнийг мэдэж чадаагүй ч, урт хугацааны оршин суух визтэй бол хэн ч байсан хүсэмжлэх боломжтой.
Нийгмийн даатгалын дугаар нь 13 оронтой бөгөөд дараах хэлбэртэй байна

S YY MM DD CCC NNN

  • S-нь хүйс, 1 бол эрэгтэй, 2 бол эмэгтэй
  • YY-нь төрсөн оны сүүлийн 2 орон
  • MM-нь төрсөн сар
  • DD-нь төрсөн мужийн дугаар бөгөөд, Францаас бусад улсад төрсөн иргэдийн хувьд бүгд 99 байна
  • CCC-нь төрсөн улсын дугаар бөгөөд, Монголд төрсөн бол 242 байна
  • NNN нь ялгац дугаар бөгөөд, нэг мужид, эсвэл нэг улсад төрсөн адилхан он сартай хүмүүсийг ялгах дугаар болно

Жишээ нь 1987 оны 3 сард, Монголд төрсөн эрэгтэй хүний дугаар 1-87-03-99-242-003 байх юм.

Францад ирээд 3 хоногийн дараа ажилдаа орсон бөгөөд, хүний нөөцийн ажилтан маань тэр даруйд нь миний дугаарыг хүсэмжилсэн юм. Тэрнээс 5 сарын дараа, нийгмийн даатгалаас түр хэрэглэх дугаар өгсөн бөгөөд, тэр нь 1-ээр биш 7-оор эхэлж байв. Түр хэрэглэх дугаарын хувьд, эрэгтэй бол 7, эмэгтэй бол 8-аар эхлэнэ.
Түр дугаараа авсанаас 7 хоногийн дараа эрүүл мэндийн даатгалаас цээж зургаа явуулна уу гэсэн захиа хүлээж авсан бөгөөд, зургаа явуулсанаас яг 3 долоо хоногийн дараа эрүүл мэндийн даатгалын карт минь ирлээ.

Харин эхнэр болон хүүхдийн хувьд хүний нөөцийн ажилтан мартсан байсан тул, дөнгөж сарын өмнө хүсэлт гаргасан тул, эрүүл мэндийн даатгалгүй дахиад хэдэн сар явах бололтой.

Mutuelle
Энэхүү хувийн даатгалд сайн дураараа эсвэл компаниараа дамжуулж орж болно. Японд бол үндсэн даатгал нь ямар ч эмнэлэгт, ямар ч үйлчилгээ авсан 70%-ийг нь төлдөг юм. Харин Францад шүд болон нүдээ үзүүлэхэд үндсэн даатгалаас харьцангуй бага мөнгө орж ирдэг тул, иймэрхүү үйлчилгээ нэлээн эрэлттэй байдаг бололтой. Мэдээж ямар үнэтэй, ямар төрлийн даатгалд хамрагдсанаас хамааран буцаж ирэх мөнгөний хэмжээ өөр өөр боловч, авсан үйлчилгээнийхээ тодорхой хэсгийг төлүүлэх боломжтой.

La feuille de soins
Францад эрүүл мэндийн даатгалтай болтол их хугацаа зарцуулдгийг анзаарсан байх. Би 6 сар болж байсан авсан бөгөөд, нэг танил маань бүүр 2 жил хүлээж авч байсан тухайгаа ярьсан юм. Яг ямар шалтгаанаар уддаг эсэхийг мэдэхгүй ч, тэр хооронд хэрвээ эмнэлгийн үйлчилгээ авах бол, эмчээсээ заавал feuille de soins гэсэн ягаан өнгийг бичгийг бичүүлж аваарай. Авахдаа, төлсөн мөнгийг чинь зөв бичсэн эсэхийг сайтар шалгаарай. Энэ бичигтэй бол, нийгмийн даатгалын дугаараа авсны дараа, 2 жилийн дотор төлсөн мөнгөө(мэдээж бүгдийг биш, даатгалд хамрагдах хэсгийг) нийгмийн даатгалаас эргүүлэн авах боломжтой юм.

La feuille de soins-ын харагдах байдал:

дэлгэрэнгүй: https://www.ameli.fr/hauts-de-seine/assure/remboursements/etre-bien-rembourse/feuille-soins